Боловсролд хүрэх зам хөтөлбөр

Рапид эх сурвалжийн сан

6/25/19-6/25/20

Хөтөлбөрийн зорилго нь Монгол, АНУ-ын боловсрол, соёлын тогтолцооны талаар мэдлэг хуримтлуулах, заавар өгөх, тэдгээрийн ялгааг тодотгох, Вашингтон мужийн багш сурган хүмүүжүүлэгчдийг монгол эцэг эх, асран хамгаалагч нартай ойр дотно холбоо хэлхээ тогтооход туслах зорилготой.
Бид энэхүү АНУ-ын Боловсролын Системийн тухай Монгол Эцэг Эхчүүдэд зориулсан хөтөлбөртөө дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэгдэx болно.

  • Олон нийтийн дунд итгэлцэл бий болгох, тэдэнтээ хамтран ажиллах
  • Нийгмийн бүлгийн хүрээнд итгэл хүлээсэн мэргэжилтнүүдтэй хамтарч гэр бүл, хүмүүст боловсролын болон бусад үйлчилгээ үзүүлэх
  • Хүүхэд сургуулийн арга хэмжээнд идэвхитэй оролцох нь тэдний ирээдүйд сайнаар нөлөөлдгийг эцэг эхчүүдэд ойлгуулах
  • Сургууль, эцэг эх, гэр бүл, нийгэм доторх харилцааг бэхжүүлэх
  • Эцэг эхчүүдэд ялангуяа цагаачдад тулгардаг түгээмэл асуудлын талаар хэрэгтэй мэдээллийг онлайн болон хэвлэмэл байдлаар өгөх, үүнд:
  • Америк, Монгол сурагчдын хүлээлтийн ялгаа
  • Америк, Монгол сургуулийн сургалтын хөтөлбөрийн ялгаа
  • Америк сургуулийн дүн тавих аргачлал, дүнгийн кард
  • Соёлын ялгаа, гэр бүлийн дэмжлэг, туслалцаа
  • Эцэг эх, багш, сурагчдын хоорондын харьцаа
  • Эцэг эхчүүдийн эрх, үүрэг

АНУ, Вашингтон мужийн Боловсролын газар, дүүргийн сургуулиудын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл материалуудыг бэлтгэж, өөрсдийн зохион байгуулж буй цуврал үйл ажиллагаагаар дамжуулан эцэг эхчүүдэд танилцуулж байна.

Зуны зуслан-Сургалт, 8/1/19-8/4/19

Сургалт, чөлөөт ярилцлагаар дамжуулан Монгол, Америкийн боловсролын тогтолцооны ялгаатай байдлын талаар ойлголт, мэдээлэл өгөх зорилготой 3 өдрийн зуны зуслагийн арга хэмжээг 2019 оны 08 дугаар сарын 01-ээс 04-ний өдрүүдэд зохион байгууллаа. Монгол орчин бүрдүүлж, хүүхэд, эцэг эхчүүд, багш нар хоорондоо ойр дотно танилцан, халуун уур амьсгалтай хамт олныг бүрдүүлж чадсан. Оролцогч хүүхдүүд   багийн дүрмээр сайн дурынхны жишгээр ажиллах дадал дасгалыг гүйцэтгэx чадварт суралцсан. Түүнчлэн тэдний дунд мэдлэг сорих авхаалжит сэргэлэнчүүдийн тэмцээн зохиосноор хүүхдүүд олны өмнө үг хэлэх, товч илтгэх зэргээр өөрийгөө илэрхийлэх урлагт хөл тавьж чадсан.
Зуны зуслангийн үеэр монгол үндэсний хоол хүнсийг танилцуулж сургалт зохион байгуулсан.
Хүүхдүүд нь хичээлээс гадуурх ямар үйл ажиллагаанд оролцдог тухай, сургууль, дүүргээс сурагчдын дунд зохион байгуулдаг арга хэмжээний талаар эцэг, эхчүүд, асран хамгаалагчид хэлэлцэж, мэдээлэл туршлагаа солилцсон.


Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг сургуульд бэлтгэх 90 цагийн сургалт
Бямба гариг бүрт монгол, англи 2 хэл дээр болдог 3,5 цагийн сургалтад бага насны хүүхдүүдийн ихэнх нь эмээ, өвөө, эцэг, эхийн хамт хамрагдсан.
Зураг, дуу, бүжиг, тоо, монгол, англи хэл, харилцааны соёлын уран чадвар дээшлүүлэх хичээлийг тусгайлан заасан. Мөн багшийн даалгаврыг биелүүлэх, анд найзтай үерхэн нөхөрлөх нөхөдтэй талаар ч нэлээдгүй ажлыг сэдсэн.

ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ
Эцэг эхчүүд нь хүүхдийнхээ сургуулийн амьдралд хэрхэн чухал үүрэгтэйг амьдрал дээр ойлгуулах, тэдэнтэй нягт хамтран ажиллах   зорилгоор
“Царсхан” Монгол сургуульдаа “Эцэг эхийн зөвлөл”-ийг байгуулж, үйл ажиллагааг нь тогтворжууллаа.
Эцэг эхчүүд сайн дураараа сургуулийн үйл ажиллагаанд оролцох, түүнчлэн хүүхдийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг санаачилгаараа хамтран зохион байгуулдаг боллоо. 
Эцэг эх - хүүхэд - сургууль - багш нарын нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тодорхой үр дүнд хүрч байна.
Манай сургуульд газар газрын багш нар ажилладаг нь хүүхдүүдэд олон үндэстний соёл зэрэгцэн орших нийгэмд хэрхэн биеэ авч явах, бусдыг хүндэтгэх, зөв ойлгох чадварт суралцахад давуу талтай   болдог. Бүх насны хүүхдүүдэд найрал дууны хичээл ордог. Хүүхдүүд монгол, англи хэлээр дуулахын зэрэгцээ хөгжимдөж сурч байна. 
Ардын дуугаа дуулах нь хүүхдэд үндэсний соёл, уламжлалаасаа суралцаж бахархах хүмүүжлийг олгодог. Хүүхдүүдийг тэсвэр тэвчээр, багаар ажиллах чадварт сургах талаар ч багагүй ажил өрнүүллээ.
Мэдээллийн технологийг сайтар ашиглаж сурах нь XXI зууны гол зорилго тул сурагчдад мэдээллийн технологийн гүнзгий мэдлэг чадвар эзэмшүүлэх зорилгоор кодочлолын хичээл зааж,  хүүхдүүд ганцаарчилсан хөтөлбөрөөр  бие даан суралцаж байна.