Сиэттлийн Хүүхэд Залуучуудын Төвийн харьяа "Царсхан" Монгол сургуулийн сурагчид ICFF буюу "Олон улсын хүүхдийн нөхөрлөл" наадамд оролцож эх хэл, соёлоо сурталчиллаа. Энэхүү наадам нь жил бүр тоглолт хэлбэрээр зохион байгуулагддаг байсан ч энэ жилийн хувьд цар тахлаас улбаалан анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн 31 орны хүүхэд багачууд оролцжээ.
Олон улсын хүүхдийн нөхөрлөл наадамд "Царсхан" Монгол сургуулийн сурагчид оролцож олон улсын хэмжээнд эх хэл, соёл уламжлалаа багахан ч гэсэн таниулж буй нь ч бидний хувьд анх удаагийн тэмдэглэлт үйл явдал болж байна. Манай сурагчид 1 сарын хугацаанд онлайн сургалтын үеэрээ бэлдсэн "Шарка Барка" Монгол бүжгээрээ энэхүү наадамд оролцсон юм. Сурагчид алсын зайнаас Монгол бүжиг сурсан ч гэлээ хэрхэн сайн суралцаж бүжиглэж байгааг та бүхэн дараах холбоосоор орж 1 цаг 17 минутаас эхлэн үзэх боломжтой.
Манай авьяаслаг бяцхан сурагчдыг энэхүү тэмцээнд оролцуулах нөхцлийг бүрдүүлж, арын албанд ажилласан Царсхан сургуулийн хамт олон, бүжгийн багш Баттуяа бидний үйл ажиллагааг дэмжин хамтарч ажилласаар ирсэн сурагчдын эцэг эх, асран хамгаалагч та бүхэндээ чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлье.